Otgonbayar foundation logo

Дөрвөлжин “тархи угаалт”

Дөрвөлжин “тархи угаалт”
Монгол хэлний их тайлбар толинд тархийг нь угаах гэдгийг элдэв үг яриа, үзэл онолоор бусдыг төөрөгдүүлэх хэмээн тодорхойлжээ. Хүмүүст хамгийн сайн нөлөөлж чадах зүйл бол тэдний эмзэг сэдэв. Түүнийг ашиглан тархи угаах нь элбэг. Тухайлбал, Манж чин улс монголчуудыг шашны суртал ухуулгын аргаар гадаад ертөнцөөс тусгаарласан бөгөөд энэхүү арга маш амжилттай хэрэгжиж 200 гаруй жил үргэлжилсэн билээ.
Үүний дараа Бүгд Найрамдах Монгол Ард улс тусгаар тогтносон боловч 1921 оны хувьсгалаас хойш ЗХУ 68 жилийн турш ах дүүсийн харилцаа нэрийдлээр зөвхөн тэр улстай худалдаа наймаа хийж, эдийн засаг төдийгүй улс төрийн нөлөөнд хараат байсан нь үнэн. Харин орчин үед зөвхөн гадны улс орны нөлөө төдийгүй, дотооддоо бие биенийхээ тархийг угаах боллоо. Үүний зорилго нь хэн нэгний эрх ашиг бөгөөд бид шуналын золиос болсоор байна. Үеийн үед тархи угаах арга улам сайжирч, бидний тогтмол хэрэглээ болсон техник технологиор дамжуулж байна. Тодруулбал, бидний сурах, хөгжих, харилцах гээд бүхий л зүйлийг хялбар болгож бүхий л дөрвөлжил төхөөрөмжүүд болох телевиз, компьютер, гар утас гэх мэт. Хэдий давуу тал олон, цаашид ч улам боловсронгуй болж, сайжирсаар байх боловч, шуналтнуудын хувьд зэвсэг болон хувирчээ. Ялангуяа биений нэг хэсэг мэт болсон гар утсан дахь нийгмийн сүлжээг дамжуулан тархи угааж байна.
1.
Бидний сайн мэдэхээр 2004-өөс 2008 он бол хүмүүсийг мөнгөөр худалдаж авдаг байсан он жилүүд. Бидэнд нэн шаардлагатай, эмзэг сэдэв мөнгө байсан. Үүнийг ч улс төрчид ашигласан. Сонгуулийн жилүүдэд намууд сонгогдохын тулд мөнгө тараах болсон нь нууц биш. Хүмүүс ч хамгийн их мөнгө амласанд нь саналаа өгсөн. Үүний үр дүн хөгжил урагшлах биш уруудаж, инфляц өсөж, түүнчлэн 5 хүний алтан амь хохирсноор дууссаныг мартах учиргүй.
undefined
Утаа арилахгүй учир нь түүгээр хэн нэгэн ашиг хонжоо олж байгаа гэж харддаг. Яг үүнтэй адил бидний сонгох чадвар сайжрахгүй нэг байрандаа гацсаар байгаа нь тархи угаахад ч амархан болсоор. Тэнэг мунхаг байлгах нь өөр нэгэнд ашигтай учраас л тэр. 2012 оны сонгуулиас өмнө намууд мөнгө тараахгүй гэсэн амлалтад тохиролцож, гарын үсэг зурсан. Гэвч тэр үеэс л дөрвөлжин тархи угаалт сайжирч, нийгмийн сүлжээг ашиглах болсон. Оюутан залуусыг тролл баг болгож, хэн нэгний сурталчилгааг гуйвуулж, худал үнэн нь үл мэдэгдэх зохиомол зураг, бичлэг, нийтлэлүүд цацах болсон билээ.
Тэгвэл өнгөрөгч сонгуулиар юу болсон бэ? Тролл баг байсан уу? Байсан. Гэхдээ технологийн хөгжлийг ашиглан Facebook- идэвхжүүлжт /boost/ таныг үзэж, харахыг хүсэхгүй байсан ч, цаг минут тутам сурталчилгаа мэдээллээ харагдуулж, сонсогдож байхаар түгээжээ. Тухайн үеийн META компаниас гаргасан тайлангаас үзэхэд дэвшигчид, намууд   хичнээн их ам.доллароор хэмжигдэх мөнгийг гадагшаа урсгасаныг доорх график илтгэнэ.
undefined
Үүнийг “Сонгуулийн хууль тогтоомжид сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл, нэр дэвшигчдээс гадна сонгуулийн сурталчилгаанд зардал гаргаж буй гуравдагч этгээдийн санхүүжилтийг огт зохицуулаагүй орхигдуулсан. Гэтэл ийм сурталчилгаа нэмэгдэх хандлага 2020 болон 2024 оны ээлжит сонгуулиудаас ажиглагдаж буйг анхаарч зохих зохицуулалтыг хуульд тусган нийтэд ил тод мэдээлэх нь чөлөөт, шударга сонгуулийн зарчимд нийцнэ” гэж Нээлттэй нийгэм форумаас хийсэн “Чөлөөт, шударга сонгуулийн зарчмуудтай холбоотой зарим анхаарал татсан асуудал- Монгол Улсын ИХ хурлын сонгууль 2024” судалгаанд дүгнэсэн байна.
“Монгол ялна” гэдэг хэрнээ гадагшаа мөнгө урсгахыг илүүд үздэг нэр дэвшигчид сонгогдоод инфляцийг улам нэмэгдүүлсээр л. Дөрвөлжин тархины хор амссан бид гадагшаа зугтсаар л байна.
undefined
2.
Орчин үеийн залуус өөр болсон. Тэд өөрийнхөө санаа бодлыг чөлөөтэй илэрхийлдэг. Тэрхүү үзэл бодолдоо үнэнч, хаана ч хэнд ч нүүр бардам хэлдэг. Бусдад төвөггүй, биеэ даан амьдардаг болсон.
Тэгвэл үзэл бодол гэж юу вэ. Үүнийг монгол хэлний их тайлбар толинд “төлөвшсөн тогтсон санаа” хэмээн тодорхойлжээ. Тархи угаалт бол ятгалт. Залуусыг ятгахад амаргүй болсон учраас тэднийг өөрсдийнх нь шүтэн биширдэг, даган дуурайдаг нөлөөлөгчдийн /influencers/ үзэл бодлыг худалдан авч, нөлөөлдөг болж. Хуучин цаг хошин шогийн жүжигчдийг дагуулан явж, үзэл бодолд нөлөөлдөг байсан бол одоо олон дагагчтай инфлүүсэрүүдийг ашиглан Facebook, Instegram-аар тархи угаах болсон. Нөгөө л дөрвөлжин тархиар дамжуулж. Сонгогч залуусын сонголтод нөлөөлөх гол арга нь энэ юм байна.
Тэгвэл залуус энэ нөлөөнд автаж байна уу? Тийм. Учир нь залуучуудын 57 хувь нь нөлөөлөгч болохыг хүсдэг гэх судалгаа гарчээ. Мөн хэрэглэгчдийн 69 хувь нь нөлөөлөгчдийн өгсөн бараа бүтээгдэхүүний зөвлөмжийг үнэн гэж үздэг байна. GenZ үеийнхний 45 хувь нь алдартнуудаас илүү нөлөөлөгчдөд итгэдэг гэнэ. 
Уг нь хуулийнд нэр дэвшигч, түүний менежер, шадар туслагч, ухуулагч, сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан “энэ хүнийг дэмжиж, саналаа өгөөрэй” хэмээн бусдад уриалах эрхтэй. Тиймээс нэр дэвшигч нөлөөлөгч буюу хувь хүнтэй гэрээ хийж, сурталчилгаагаа явуулах болбол тухайн хүн дээр дурдсан бусдыг уриалах таван төрлийн хүний нэг болох боломжтой юм. Гэвч, тайландаа хэнд, хэдэн төгрөг өгч сурталчилгаа хийлгэсэн гэж нарийн дурддаг нам, нэр дэвшигч ч алга.
3.
“Монголчууд өнөөдөр нийтээрээ хов, хэрүүлээр амьдарч байна. Хэрүүлээ нэгээс нөгөөд зөөж, ховоо нэгээс нөгөөд зарж амьдарч байна. Үүнийг сэтгүүлзүйгээс, сошиалаас төвөггүй харж болно. Нийгмээ чирдэг сэтгүүлзүй бодлого ярьдаг, бичдэг. Харин нийгмээ чангааж буй сэтгүүлзүй яг өнөөдрийнх шиг хэрүүл зөөж, хов зарж амьдардаг. Удаахь буюу мэргэжлийн сэтгүүлзүйгүй мэт болсны таних тэмдэг нь энэ” хэмээн сэтгүүлч, нийтлэлч Г.Отгонбаяр агсны 2019 оны “Хов зөөсөн хэл бус, хор сонссон чих бурууддаг, нийтлэлд өгүүлж байжээ. Түүний өгүүлсэн 6 жилийн өмнөх энэхүү өнгө төрх одоо ч хэвээрээ. Бүр улам л тодроод, нийгмийг бараан өнгөөр будсаар байна. Бид эмч мэргэжилтнийг тусгай тангараг өргөж, хуулийн дор ард түмэнд үйлчилдэг хариуцлага өндөр мэргэжил гэж үзэх нь бий. Гэвч “Сэтгүүлзүй нь хүний амьд явах эрхээс эхлээд нийгэмд зохицон амьдрах, өмсөж зүүх, сурч боловсрох, бие биенээ хайрлах, нөхөр дайснаа ялгаж таних, ардчилал, нийгмийн үйл явцад оролцох, сонгох сонгогдох эрхээ хэрэгжүүлэх хүртэлх алхам бүрд ус, агаар мэт хэрэгтэй олон талт мэдээллийн хэрэгцээг хангах үүргээрээ нийгэмд чухал байр суурь эзэлдэг” гэж сэтгүүлзүйн доктор, профессор Ж.Батбаатарын “Суурь сэтгүүл зүй” номд өгүүлсэн байна.
Гэтэл хэвлэл мэдээллийн байгууллагууд нөлөөлөгчидтэйгөө адил худалдагдсаар л. Сэтгүүлч нар өрөөсдийн бэлтгэсэн мэдээ, мэдээллээрээ олонд танигдахын хэрээр олон дагагчидтай болж. Үүнийг анзаарсан улс төрчид ч тэдний энэ давуу байдлыг ашиглан, өөрсдийнхөө эрх ашиг, үзэл бодлыг тэднээр дамжуулан, нийгмийн сүлжээнд бичүүлж байна. Сэтгүүлч ч мөнгийг нь авсан хойно тэднийгээ долоосоор л. Иргэд ч аль нь мэргэжлийн мэргэшсэн сэтгүүл зүй гэдгийг ялгахаа больжээ. Уг хамгийн зөв сайн анализ, харьцуулалт гаргаж, тал талын мэдээлэл, эх сурвалжийг оролцуулсан тэнцвэртэй мэдээллийг шүүсэн нийтлэл, мэдээллийг харж эх сурвалжаа болгох атал, хамгийн хурдан, хамгийн богино, хамгийн гоё өнгө төрхтэй бичсэн постерыг л унших болж. Тиймээс ч энэ салбарт мэргэжлийн биш хүмүүс ч, бусад чадвараа ашиглан “тоглох” болсон нь үнэн.
4.
"We Are Social" болон "Hootsuite" компанийн хамтарсан 2023 оны дэлхийн тоон хандлага судалгаагаар хүмүүс өдөрт дунджаар 2 цаг 24 минутыг олон нийтийн сүлжээнд зарцуулж байна хэмээжээ. Тиймээс тархи угаах хэрэгсэл бидний дэргэдэх “дөрвөлжин тархи”.
-Сэтгүүлч хариуцлагатай сэтгүүл зүйг эрхэмлэж, нийгэмд сэтгүүлч худалдагддаг гэсэн нэрээ цэвэрлэх шаардлага тулгарчээ. Аливаа мэдээллийг нягталдаг, шалгадаг харьцуулдаг дадлыг бий болгож, зааж, зөвлөх үүргээ биелүүлж, тоо баримт, үнэн мэдээлэлд тулгуурласан бүтээлүүдээрээ үлгэрлэх учиртай аж.
-Нийгмийг түүчээлэх залуу үеийн үлгэр дуурайлал болсон нөлөөлөгчдөд ёс суртахуунтай байхыг уриалъя. Ёс зүй, ёс суртахуунтай хүн урваж, шарваж явахгүй. Таны ирээдүй одоогийнх шигээ олонд нөлөөлөгч байх уу, үгүй юу гэдэг нь яригдаж байгаа учраас түүнийг сонгоорой биш, алин ч бай сонголтоо заавал хий, гэхдээ зөвийг хэмээн уриалах ёстой.
-Харин дэвшилтэт технологи болсон дөрвөлжин хэрэгслүүдийг зэвсэг болгон хувиргасан хүмүүс дотоодын хөдөлмөрийн зах зээлд 2025 онд 83.7 мянган ажиллах хүчний эрэлт үүсэхээс байгааг дахин сануулая. Эх орноосоо зугтах шалтгааныг бий болгосоор байвал иргэнгүй болно. Иргэнгүй бол улс үгүй билээ.
- Үнэхээр “Хов зөөсөн хэл бус, хор сонссон чих бурууддаг” болсон энэ цагт иргэн бүр хэрсүү байж, мэдээлэл авдаг эх сурвалжаа зөв сонгож сурах хэрэгтэй юм. Харьцуулдаг, дүгнэдэг, нягталдаг тархийг угаахад хэцүү. Дөрвөлжин тархиндаа бүү удирдуулаарай.
undefined
Онцлох мэдээ