Otgonbayar foundation logo
Г.Отгонбаяр /тухай/

Монголын сэтгүүл зүйн нэгэн үеийн төлөөлөл, соён гэгээрүүлэгч, сэтгүүлч, нийтлэлч Г.Отгонбаяр нь 1973 оны гуравдугаар сарын 9-нд Говь-Алтай аймгийн Алтай суманд Гомбожавын отгон хүү болон мэндэлсэн. Тэрбээр 1991 онд нийслэлийн 16 дугаар дунд сургууль, 1996 онд Улаанбаатар төмөр замын дээд сургуулийг инженер мэргэжлээр, “Ардын эрх” сонины дэргэдэх “Шавь” сургалт болон Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх Сэтгүүл зүйн дээд курсийг сэтгүүлч мэргэжлээр тус тус дүүргэж, 2011 онд Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн сэтгүүл зүйн магистрын зэрэг хамгаалсан.

Г.Отгонбаяр нь 1996 онд Улаанбаатар төмөр замын Дархан өртөө, Зорчигчийн суудлын вагон депогоос ажлын гараагаа эхлүүлэн, өөрийн чин хүсэл сонирхлын дагуу сэтгүүл зүйн салбарт шилжин ажиллах болж, 1998 онд “Ардын эрх” сонинд сэтгүүлч, 1999 онд “Өдрийн сонин”-д сэтгүүлч, 2000-2007 онд “Зууны мэдээ” сонинд албаны даргаар ажиллаж, 2007 онд “Үндэсний шуудан” сониныг үүсгэн байгуулалцаж, нийтлэлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч эрхлэгч, ерөнхий эрхлэгчээр тус тус ажиллаж байсан.

2015 оноос мэдээ, мэдээллийн iToim агентлагийг үүсгэн байгуулж, www.iToim.mn сайтыг эрхэлж байв. Тэрбээр 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга бөгөөд Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж, 2020-2022 онд МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан юм.

Гомбожавын Отгонбаяр нь шинэ цагийн сэтгүүл зүйн салбарын тод төлөөлөгч, шилдэг сэтгүүлч төдийгүй 2012 онд сэтгүүл зүйн салбарын дээд шагнал “Балдорж” шагналын “Гран-при”-г хүртэж, мөн “Балдорж” шагналын шилдэг 10 сэтгүүлчийн дөрвөн удаагийн шагналтан билээ.

Монголын сэтгүүл зүйн нэгэн үеийн төлөөлөл, соён гэгээрүүлэгч, сэтгүүлч, нийтлэлч Г.Отгонбаяр нь үйл явдлын учир шалтгаан, логик дараалал, асуудлын мөн чанар, төлөв байдал, үр дагаврыг задлан шинжлэх аналитик сэтгүүл зүйг Монголын орчин цагийн сэтгүүл зүйн хөрсөнд нутагшуулахыг зорьж, нэгийг бодуулж, хоёрыг тунгаах даацтай, далайцтай нийтлэлээрээ уншигч, олон нийтийн талархлыг хүлээсэн, мэдлэг мэдрэмж, ёс суртахуун, ур чадвараараа Монголын сэтгүүлчдийн түүчээ нь явсан юм.

Тэрбээр “Тужийн нарсыг түүх болон булшлагдахаас нь өрсөж сэргээе” цуврал нийтлэлээрээ сүйдэж, мөхлийн ирмэгт хүрээд байсан Тужийн нарсыг нөхөн сэргээх үндэсний хэмжээний аяныг 2000 онд санаачлан улс орон даяар өрнүүлж байв. Улмаар тус аяныг жил бүр уламжлал болгосноор Тужийн нарсыг эргэн нарсан ой болгож чадсан юм. Мөн Зууны мэдээ сонины хамт олон, бусад сэтгүүлчийнхээ хамтаар “Монголын бахархал” үндэсний хэмжээний цуврал арга хэмжээг улс орон даяар зохион байгуулж байв. Г.Отгонбаярын цаг үе, нийгмийн тулгамдаж буй асуудлыг хөндөж бичсэн цуврал нийтлэлийн үр дүнгээр төр засгаас тодорхой шийдвэрүүд гарч байсан юм.

Г.Отгонбаяр нь Монгол Улсад парламентын сэтгүүл зүйг хөгжүүлэх чиглэлээр олон жил ажиллаж, Монголын парламентын сэтгүүлчдийн холбоог үүсгэн байгуулж, анхны тэргүүнээр нь, 2015-2016 онд Монголын өдөр тутмын сонинуудын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байв. Мөн Монголын шилдэг нийтлэлчдийн клубийн анхны гишүүн нийтлэлчээр 2009 онд элссэн, байна.

Түүний хөдөлмөр зүтгэл, олон нийтийг соён гэгээрүүлэх үйлсийг төр, засгаас өндрөөр үнэлж Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан билээ.

Нэрт сэтгүүлч, нийтлэлч Г.Отгонбаярын Монголын сэтгүүл зүйн салбарт 1998 оноос эхлэн туурвисан олон олон шилдэг нийтлэл, ярилцлага, сурвалжлага, тэмдэглэл нь өдгөө өнгөрсөн түүхийн алдаа онооны гэрч болон “Ардын эрх”, “Өдрийн сонин”, “Зууны мэдээ”, “Үндэсний шуудан” зэрэг өдөр тутмын сонины хуудаснаа үлдэж baabar.mn болон 2015 онд өөрийнх нь үүсгэн байгуулсан iToim.mn сайтын тэргүүн нийтлэл болж уншигч олонд хүрсээн ирсэн юм.