Otgonbayar foundation logo
Бүтээл 2025 | 3 мин уншина

НӨАТ-ын хүндрүүлсэн хөнгөлөлт ба “боомилсон” чөлөөлөлтүүд

НӨАТ-ын хүндрүүлсэн хөнгөлөлт ба “боомилсон” чөлөөлөлтүүд
“Гараан” дээрх гацаа
Д.Санжсүрэн бол “гарааны бизнес” гэх нэршил моодонд орж, залуучууд дэврүүн хүслээр төрөл бүрийн төсөл эхлүүлж байсан “романтик” үед бизнесээ үүсгэн байгуулсан нэгэн. Сайт руу нь ороод харсан ч “Бид технологийн шийдлийг ашиглан барилгын салбарыг дижиталчлах хүсэл эрмэлзлэлээр дүүрэн хамт олон юм” гэж бичжээ.
Монгол улсын зөвлөх инженер тэрээр “би чадна”-чууд маш олноороо ажилладаг барилгын заслын салбарыг илүү найдвартай, мэргэжлийн болгох зорилгоор шинэлэг бизнес модель болох “ARTUM” платформыг хөгжүүлжээ. Тэдний шийдэл үнэхээр оновчтой бөгөөд барилгын ажлын захиалагч, гүйцэтгэгч нарын харилцааг өмнөхөөс хамаагүй үр ашигтай болгох, барилгын салбарт албан бусаар эргэлдэж буй орлогын мэдээллийг бүртгэж, түүгээрээ татварын бааз суурийг тэлэх гэх мэтчилэн олон талын ач холбогдолтой.
Гэвч бизнес санаа бодит амьдралын горимд шилжихэд татварын эрх зүйн орчны асуудлууд Д.Санжсүрэн болон түүний хөрөнгө оруулагчдын бизнесээ тэлэх зорилгод том цохилт өгч, цэвэр “барьцгүй тонгоруулсан” тухайгаа тэр ярьж байна.
2023 оны хавар Засгийн газраас 39 дүгээр тогтоол баталж, гарааны компаниудыг татвараас чөлөөлөх, хөнгөлөх заалтууд орсон нь Д.Санжсүрэнгийн хувьд хүсэн хүлээж байсан зохицуулалтын нэг байлаа.
Тогтоол гарсан даруйд тэрээр компанийнхаа нэрийн өмнө “гарааны” гэдэг үг оруулах хэрэгтэйг олж мэдэв. Харамсалтай нь, энэ жижиг деталийг хийхийн тулд долоон сар зарцуулжээ. Эхлээд тэр ШУТ сан дээр очиж бизнесээ тайлбарлах, үнэлгээнд орох, яамаар хөөцөлдөх, тэндээс гараад зөвшөөрөл авах, зөвшөөрлөө аваад Улсын бүртгэл дээр очих, гэвч дүүргийн түвшинд бүртгэл, мэдээлэл байхгүй учраас тэндээсээ буцаагдаж Татварын ерөнхий газартай холбогдох, холбогдсоны дараа ТЕГ нь дүүргийн албад руугаа дамжуулах, дараа нь нэрээ авахын тулд шинэ компани байгуулж буйтай адил бичиг баримт  бүрдүүлэх, үүний дараа Эдийн засгийн хөгжлийн яаман дээр очих, татварын тайлан гаргах, тайлангаа гаргаад ахиад ТЕГ-тай зууралдах гэх мэтээр төрийн байгууллагуудын процесс, хүнд суртлын намгийг хэрхэн туулснаа ярилаа. Хожим тэрээр дээрх журмын дагуу зоригтойгоор, зүрх үхүүлэм процессыг давж “гарааны” болсон тавхан компани байдгийг олж мэджээ.
Гэвч хэрэг явдал үүгээр дууссангүй. “ARTUM” гарааны гэсэн албан ёсны статустай болсон ч хуульд заасан НӨАТ-ын чөлөөлөлтийг эдлэх боломж хаалттай хэвээр байна. Учир нь, гүйцэтгэгчийн хийсэн барилга заслын ажлын дүн 50 саяын босгонд хүрэхгүй учир НӨАТ төлөгч биш болж, нэг хувиар орлогоо тайлагнах ангилалд орно. Гэвч энэ тохиолдолд захиалагч болон гүйцэтгэгчийг холбож ажлыг нь хялбарчилж, эрсдэлгүй харилцааг зуучилж өгснийхөө төлөө шимтгэл авч түүнээсээ НӨАТ төлөх учиртай платформын компани захиалагч талд гүйцэтгэгчийн өмнөөс НӨАТ-ын баримт өгөх шаардлагатай болж, татварын өрөнд унадаг. Харин захиалагч бас өөрсдөө НӨАТ-ын асуудалд орох эрсдэлтэй учраас НӨАТ-ын баримт шивдэггүй компанитай харилцахыг хүсэхгүй.
Ингэснээр “ARTUM” гүйцэтгэгчийн өмнөөс НӨАТ-ын өрөнд орж, бизнесийнх нь үндсэн зорилго биелэхэд бэрхшээлтэй болж, өрсөлдөх чадваргүй болж байна. Энэ байдлаас гарахын тулд тэд Татварын албаны ажлыг хийж, барилгын заслын ажил гүйцэтгэгчдийг татварын харилцаанд сургах хэрэгтэй болж байна. Д.Санжаасүрэнтэй нэгэн адил дэврүүн хүслээр платформын бизнес эхлүүлсэн олон залуус өнөөдөр яг энэ асуудлаас болоод НӨАТ-ын өрийн тойрогт орчихсон гундуухан яваа. Түүний хэлж буйгаар уг нь захиалагч болон гүйцэтгэгчийн хооронд баримт автоматаар шивэгдэх технологийн хувьд бүрэн боломжтой ч тэр нь хэрэгжихгүй байгаа аж.
undefined
Онцлох мэдээ